ТӨСӨВ: Цагдаагаа гэмтнүүдэд дээрэлхүүлээд, тамирчдаа зардлын гуйлгачин болгох уу?

Улсын 2025 оны төсвийг УИХ-аар дахин хэлэлцэж байна. Өмнө нь өргөн бариад баталсан төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавиад, тэрхүү хоригийг УИХ хүлээн авсан болохоор төсвийг дахиад шинээр хэлэлцэж буй анхны тохиолдол 126 гишүүнтэй парламентын үед гарлаа. Төсвийг сайжруулах, зардлыг багасгах ёстой гэдэг дээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, нэмээд олон нийт санаа нэгтэй байна. Гэхдээ сайн гэхээр сахлаа будав гэдэг шиг төсвөөс хэмнэж болох зардлыг тэвчье гэсэн болохоос үл халдаж болох зүйлс руу уулгалан халдах эрхийг хэн ч өгөөгүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн удаа дараа хэлсэнчлэн олонд танигдах популизм хийх сэдэв нь улсын төсөв ерөөсөө биш.

Хууль зүй, дотоод хэргийн сайд цагдаагийн байгууллагын төсвийг танаснаар ундны усны эх үүсвэрийг хамгаалдаг дотоодын цэрэг, зуны халуун, өвлийн хүйтэнд зам дээр зогсож зохицуулалт хийдэг цагдаа, гэмт хэрэгтэнтэй улаан нүүрээрээ тулдаг мөрдөгчид ажлаа хэвийн хийх боломжгүй болохоор байгааг учирлаж нэг, ундууцаж нэг хэлээд барсангүй. Үндэсний шигшээ багийн тамирчдын тэмцээнд оролцох зардлыг 60 хувиар танах санал амилснаар олимпод оролцох эсэх нь эргэлзээтэй болж байгааг Ч.Номин сайд анхааруулж хэллээ. Дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэхээр тооцсон байсныг мөн л танаж хасах гэж улайрч байна. Улстөрчид наанаа хүүхдэд хайртай царайлавч үнэн хэрэгтээ төсвийг нь хасах гээд хээвнэг сууж байгааг харчих.

Харсан үзсэн болгоноо хасаж танахаар зүтгэх атлаа УИХ-ын гишүүд өөрсдийнхөө данхгар зардлаас хэмнэлт гаргая гэж хэн ч дуугарсангүй. Дандаа ашиггүй ажилладаг хэрнээ дарга, захирлууд нь өөрсдөдөө урамшуулал олгоод сууж байдаг төрийн өмчит компаниудыг Засгийн газраас цэгцэлье гэхээр эсэргүүцээд, би өөрийнхөө хүмүүсийг шахмаар байна гээд ил цагаан хэлж байгаа УИХ-ын гишүүн ч цөөнгүй тодорч, багаа хууллаа. Цагдаагаа гэмт хэрэгтнүүдэд дээрэлхүүлээд, тамирчдаа зардлын гуйлгачин болгоод, хүүхдүүдээ өлөн зэлмэн явуулъя гэдэг төр хэрхэвч байж болохгүй. Энэ янзаараа Монгол Улс 127 Сангийн сайдтай болох нь л дээ. УИХ-ын дугуй танхим дотор улс төр хийдэг ч улсын төсвөөр барьцаалж, популизм хийдэггүй юм, эрхэм гишүүд ээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...

Нийслэлд 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 115 мянган айлын янданг буулгана

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын...

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны...