Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэв. Тус хууль батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь нийтийн эзэмшлийнх болж, “Оюу Толгой”-н 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж ногдол ашгаа хуваарилж эхэлснээр Үндэсний баялгийн сан бүрдэх түүхэн боломж бүрдсэн.
Мөн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10,000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байна.
“Хуримтлалын сан”-гаас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Сингапур улстай хамтарч хэрэгжүүлэхээр болов. Ийнхүү олон жил яригдсан Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрдэв.