П.Дэлгэрнаран: Сонгуулийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс тагнуулын байгууллагаас зөвлөмж авсан

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийн явцыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нар танилцууллаа.

Сонгуулийн Ерөнхий хорооны даргын мэдээлснээр Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд хэрэглэх сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа.

Тухайлбал сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэлд хамаарах 9 төрлийн багц тоног төхөөрөмжид техникийн үзлэг, үйлчилгээг өнгөрсөн оны сүүлчээр бүрэн хийж, гүйцэтгэсэн. Манай улсын хувьд 2223 байршилд үүрэн холбооны сүлжээ бий. Тэдгээр байршлаас санал хураалтын дүнг түргэн шуурхай дамжуулах зорилгоор дэд бүтцийн бэлтгэл, судалгааг үргэлжлүүлж байна гэв. Түүнчлэн сонгууль зохион байгуулахтай холбогдуулан www.e-election.mn буюу “Сонгуулийн мэдээллийн цахим систем”-ийг шинээр ашиглалтад оруулсан. Уг систем нь тоног төхөөрөмж ашиглалтыг цахимаар бүртгэж, хөтлөхөөс гадна бүх шатны сонгуулийн хороодод цахим сургалтт явуулах, сонгуулийн үед үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бүртгэлийн ажлыг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгосон нь сонгуулийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм. Бэлтгэл ажлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг дахин тодорхойлж, эрсдэлт хүчин зүйлээс ангид байх үүднээс сонгуулийн төв байгууллагаас хүсэлт өгч, Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжийг авч хэрэгжүүлж эхэлсэн гэсэн товч мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өгөв.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, сонгогчдын бүртгэлийн тоног төхөөрөмжийг 2013 оны арваннэгдүгээр сараас хойш шинэчлээгүй байсныг өнгөрсөн онд шинэчилсэн. Техникийн шинэчлэлийг хийснээр цахим сонгууль явуулах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой үүсдэг гомдол, саналыг харгалзан үзэж, бэлтгэлээ хангаж байгаа. Үүнд иргэний бүртгэл, мэдээллийг цахим системд алдаа мадаггүй байлгаж, хаягжуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран сэргээн сайжруулсан. Иргэдэд мэдээлэл өгөх, сургалт, судалгааны ажилд онцгойлон анхаарч ажиллаж байна. Сонгогчдын бүртгэлийг боловсронгуй, ил тод байлгах үүднээс www.check.burtgel.gov.mn цахим талбарыг нээн ажиллуулж эхэлсэн. Иргэд тус талбарт нэвтэрч, өөрийн байнга оршин суудаг хаяг дээрх өөрийн болон бусад хүний мэдээллийг шалгах боломжтой. Хэрвээ тухайн хаягт өөр хүмүүс бүртгэгдсэн, мэдээлэл зөрчилтэй тохиолдолд хүсэлт гаргаж, шалгуулна. Цөөнгүй хүний гомдлыг хүлээн авч шалган зөрчлийг арилгуулсан гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний...

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөнө

Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө...

Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Японы Олон...

Хамба лам Д.Жавзандорж: Хүн бүр ёс зүйг эрхэмлэн буяны зүгт шамдаарай

Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохиох гэж...