Монголын багш нар 26 жилийн дараа нэгэн дор чуулж 7-р Их хурлаа хийж байна

Гэгээрлийн яам /Орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага/-ны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй  Монголын багш нарын VII их хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ. Дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцож байгаа энэ хурал хоёр өдөр үргэлжлэх юм.

Монголын багш нарын VII их хурлын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар зарим багшид Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын болон Гавьяат багш цол хүртээж байгааг зарлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулаа. Монгол Улсын Ардын багш цолоор:

“…Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээв”.

Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан:

  • Нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Чулуунбаатарын Ганбилэг,
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Галсаагийн Гүндэгмаа,
  • Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн ахмад багш Пэрэнлэйн Дулмаа
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн ахмад багш Гончигийн Дуламжав,
  • Мэргэжлийн боловсролын сургалтын үндэсний арга зүйн төвийн захирал Сэнгээгийн Цээпил,
  • Архангай аймгийн Эрдэнбулган сумын хүмүүн цогцолбор сургуулийн багш Магсарын Шагдарсүрэн,
  • ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн багш Алтангэрэлийн Эрдэнэбаатар нарт Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ