УИХ-ын хаврын чуулганаар 30 хуулийн төсөл хэлэлцэхээр жагсаалт батлав

“Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Д.Лүндээжанцан танилцуулав. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс 32, Байнгын хороодоос 28, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас 5, Засгийн газраас 49, давхардсан тоогоор нийтдээ 119 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ.

Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.0 хувийн саналаар “Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд:

  1.      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
  2.      “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,
  4.  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  5. “Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  6. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
  7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
  8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,
  9. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
  10. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  11. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  12. Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл,
  13. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  14. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  15. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  16. Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,
  17. Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,
  18. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  19. Өмгөөллийн тухай хуулийн төсөл,
  20. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  21. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,
  22. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  23. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  24. Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
  25. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
  26. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  27. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  28. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,
  29. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  30. Бусад.

Үүгээр Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар зарим Байнгын хороод хуралдсаны дараа нэгдсэн хуралдаан үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...