МИАТ компани агаарын тээврийн шинэ хөлөгтэй боллоо

6
72

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн шинэ агаарын хөлөг “Вoeing 737-8МАХ” өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. АНУ-ын Сиэтл хотоос долоон цаг нисч, 9000 гаруй км, агаарын замыг туулж ирсэн шинэ агаарын хөлгийг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, ИНЕГ-ын удирдлага, “МИАТ”-ын ажилтан ажилчид, хамт олон угтаж авлаа. “Вoeing 737-8МАХ”-ыг жолоодон ирсэн нисэгч Ч.Нямсайхан, Ч.Хурц, хоёрдугаар нисэгч З.Ганзориг, Г.Баатарцогт нар эх орондоо амжилттай бууснаа илтгэн рапорт өгсөн юм.

Энэхүү агаарын шинэ хөлгийн удирдлагын жолоодлого өмнөх онгоцтойгоо төстэй. Харин түлшний зарцуулалт 10-15 хувийн хэмнэлттэй болсон. Мөн алслалт арай их болж ачаа даац гурван тонноор нэмэгдсэн. “Вoeing 737 МАХ-8” агаарын хөлгийг шинэ онгоц учраас засвар үйлчилгээ нь хол, санхүүгийн хувьд хэмнэлт гарна. Манай онгоцонд ашиглаж буй технологийн шийдлүүд нь шинэлэг, хүчирхэг LEAP-1B хөдөлгүүр нь бусад онгоцнуудаас илүү үр ашигтай ажиллаж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай зорчих боломжийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй энэхүү агаарын хөлгийг авч ашигласнаар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоод худалдааны тээврийн зардлыг бууруулах, хугацааг багасгах, агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, Хөшигийн хөндийн нисэх буудлыг бүс нутгийн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

 “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрөөс цөөн асуултад хариулт авлаа.

-МИАТ компани агаарын шинэ хөлөгтэй болсноор нислэг болон зорчигчдын тоо ямар хэмжээгээр нэмэгдэх боломжтой болж байна вэ?

-Манай компаниар зорчигчдын тоо 2018 онд өнгөрсөн оныхтой харьцуулахад 16 хувиар нэмэгдсэн. Энэ жил БНСУ-ын хоёрдогч тээвэрлэгч орж ирж өрсөлдөөн бий болох ч зорчигчдын тоог 7 хувиар нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-“МИАТ” ХК АНУ-ын “Боинг” компанитай шууд гэрээ хийсний давуу тал юу вэ?

-Манай компани 2011 онд “Боинг” компанитай шууд гэрээ хийж анх нэг “Боинг В767” болон хоёр ширхэг Боинг В737”, нийт гурван хөлгийг шууд худалдан авснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Шууд гэрээний дагуу анхны онгоцуудыг худалдан авч байсан боловч улс орны болон компанийн санхүүгийн хямралаас шалтгаалан дараагийн агаарын хөлгүүдийг түрээсийн гэрээ хийн авч ирсэн юм. Өнөөдрийн шинэ онгоцыг сарын 400 гаруй мянган ам.доллараар мөн түрээсийн гэрээгээр авч байна. Өнөөдөр “МИАТ” компани нийт долоон "Боинг” агаарын хөлөгтэй болж байна. Шууд хамтын ажиллагааны онцлог нь бид түрээсийн төлбөрөө шууд төлж буй. Мөн тухайн сардаа төлж буйгаар онцлогтой юм” гэв.

“МИАТ” ХК өнөөдөр хүлээн авсан шинэ онгоцоо 12 жил түрээслэх бөгөөд хоёр дахь онгоцоо ирэх тавдугаар сард хүлээн авах юм. Ийнхүү паркаа сүүлийн үеийн агаарын хөлгүүдээр шинэчилснээр “МИАТ” ХК  2020 он гэхэд Ази тивдээ хамгийн шинэ онгоцуудтай иргэний агаарын тээвэрлэгч компани болох юм байна. Агаарын шинэ хөлөгтэй болсон энэ өдөр Монголын нисэгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн өндөр түвшинд хүрснийг олон хүн дурдаж байв.

“Вoeing 737-8МАХ” шинэ онгоцны давуу талууд:

  • “Боинг-В737NG” загвартай харьцуулахад дуу чимээ 40 хувиар багассан.
  • Агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хий харьцангуй бага тул байгальд ээлтэй тээврийн хэрэгсэлд тооцогддог.
  • Бизнес 12, энгийн 150 суудалтай. Бизнес ангиллын суудал бүр дэлгэцтэйгээс гадна бүх зорчигч өөрийн гар утас, таблетаа ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй WiFi сүлжээгээр холбогдсон. Суудал бүр USB-тэй.
  • Их биеийн онцлох өөрчлөлт шинэчлэлтүүд: 
  • ​Хөдөлгүүрийг шинэчлэн CMF LEAP-1B хөдөлгүүртэй болсон ба хөдөлгүүрийн хэмжээ томорсноор хүчин чадал сайжирсан.
  • Сүүл болон далавчны дизайн шинэчлэн сайжирснаар аеродинамик үзүүлэлт нэмэгдсэн.
  • Нисэгчийн бүхээг доторх хянах самбар дэлгэцүүд дэвшилтэт технологийн дэлгэцээр солигдсон.
  • Дээрх өөрчлөлтүүдийн тусламжтайгаар нислэгийн алслалт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.
  • Зорчигчдын тав тухыг хангах үүднээс бүхээгний гэрэлтүүлэг Sky Interier дизайнтай хийгдсэн.

6 Сэтгэгдэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here