Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хоёрын ДУЭЛЬ

Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөлгөөнд Ерөнхийлөгч Х.Баттулга албатуудтайгаа зочлов. Тэрбээр урилгатай очсон, эсвэл урилгагүй цохиж орсон хоёрын аль нь болохыг хэлж мэдэхгүй байна. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хэвлэл мэдээллийн албанаас сэтгүүлчдэд энэ үйл явдлын зарыг огт түгээгээгүй юм. Олон нийт ийм явдал болсныг фэйсбүүкээс олж мэдсэн. Ямартай ч прокурорын байгууллагын удирдах ажилтнууд нэг дор байхад үгээ хэлье гэж төрийн тэргүүн бодож очсон нь тодорхой болсон. Бас иргэний хувиар очсон гэж өөрөө хэлсэн. Ингэхээр Х.Баттулга Ерөнхийлөгчийн болон жирийн иргэний гэсэн хоёр дүрээр прокуроруудтай уулзсан болж таарна.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын гэх мэт олон нийтийн анхаарлыг татсан томоохон зарим хэргийг шалгах явцад ахиц гарахгүй байгааг хэлжээ. Үүнээс гадна стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордыг гадаадын хүмүүст 100 жилээр өгөх гэсэн үйлдлийн талаар жирийн иргэний хувьд гомдол гаргаж байгаагаа хэлсэн байна. Энэ хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар буруутай, тэднийг шалгах шаардлагатай хэмээн тодотгожээ. Тэрбээр 178 хуудас бүхий материалыг Улсын ерөнхий прокурорт хүлээлгэн өгчээ.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан болсон үйл явдлын дараа өөрийн твиттер хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр “Х.Баттулгын оролцоотойгоор гаргасан Н.Алтанхуягийн Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой төслийг хэрэгжүүлэх гэж оролдсон ч бүтээгүй. 1. Үнэгүй гэдэг худлаа 2. 100 жил гэдэг нь бүр худлаа. 3. Ц.Элбэгдоржид падлийгүй л эд байсан. Хүний тэнэглэлийг дутуу үнэлж болдоггүй л юм байна” хэмээн жиргэжээ.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан уулзалтын төгсгөлд “Прокурорын байгууллага зөвхөн хуульд захирагдаж, хараат бус үйл ажиллагаа явуулна. Хэн нэгний хэлснээр хэн нэгнийг гэмт хэрэгтэн болгохгүй, хэлмэгдүүлэхгүй, бас гэмт хэрэг хийсэн хэнийг ч хариуцлагаас мултлахгүй гэдгийг Ерөнхийлөгчийнхөө дэргэд хэлье” гэлээ. Түүнийг үгээ хэлсний дараа прокурорууд алга ташин баяр хүргэсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга би өөрөө хэлмэгдэж байсан хүний хувьд хэлмэгдүүлэхгүй байх гэдэгтэй санал нэг байгаа. Та бүхний ажлыг ч хөндлөнгөөс заах гээгүй шүү хэмээв.

Энэ уулзалтыг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Зарим нь Ерөнхийлөгчийг дэмжиж, нөгөө хэсэг нь Улсын ерөнхий прокурорыг хэний ч өмнө үгээ хэлчихдэг шударга хүн байна гэж байх жишээтэй. Ямартай ч энэ уулзалт зөв газраа, зөв цагт болсонгүй, тийм ч найрсаг уур амьсгал дунд болж өнгөрсөнгүй. Ерөнхийлөгчийн үгийг анзаарвал Ц.Элбэгдоржийг л ялла гээд байгаа ч юм шиг. Ерөнхий прокурорын үгээс харахаар Ерөнхийлөгч Танд таалагдахгүй байгаа хүнийг гэмт хэрэгтэн болгож хууль зөрчихгүй гэсэн утга ч юм шиг.

Юутай ч ийм дуэль боллоо. Зарим нэг хүн Ерөнхий прокурорыг өөрчлөх галт тэрэг хөдөллөө гэж ч дүгнэж эхэллээ. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг харах үлдлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...