Ховдынхон хөгжлийн түлхүүр болсон томоохон төслүүдээ нээлттэй танилцууллаа

Монгол Улсын баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нутгийн зөвлөл, Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган энэ өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө.
Ховд аймгийн хөгжлийн гадаад, дотоод нөөц боломж, давуу талуудад үндэслэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх зорилготой уг чуулганд тус аймагт хөрөнгө оруулах, бизнес эрхлэх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид чуулганд оролцохоор хүрэлцэн иржээ.

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Олон  ястны өлгий нутаг Ховдчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр бид их олуулаа цуглалаа. Өнөөдрийн чуулганаас зөвхөн Ховд аймагт төдийгүй баруун бүсийн эдийн засаг, нийгмийн өсөлтийг бий болгох, ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх олон төсөл, санаачлагууд ажил болж үлдэнэ гэдэгт би итгэл төгс байна. Энэ удаагийн чуулганы бас нэг онцлог бол Ховдчууд бид УИХ-ын гишүүдийнхээ сэтгэлээр гурван гишүүн маань багагүй хөрөнгө оруулалтыг тавьсан байгаа. Түүнчлэн аймаг саяхан иргэдийн хурлаа хийж, зохих ёсны дотоодын нөөц болоцоогоо ашиглаж орон нутгийн хөрөнгө оруулалтийг хийх ажилаа шийдсэний ард эдийн засгийн хөрөнгө оруулалт авах бизнесийнханг төслүүдэд оролцуулж санаа бодлоо солилцоё гэсэн үндсэн зорилготойгоор өнөөдрийн чуулганыг явуулж байна” гэв.

Ховд аймаг нь баруун бүсийн төвд эдийн засгийн хувьд тааламжтай газарзүйн байрлалтай  байгалийн баялаг, мал аж ахуйн түүхий эдийн нөөц, хөдөлмөрийн идэвхжил сайтай гэх мэт давуу талуудтай. Эдгээр давуу талуудаа ашиглан ойрын хугацаанд Ховд аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн талаар чуулганы үеэр илтгэл тавилаа.  Тухайлбал,

  • Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төсөл
  • Цементийн үйлдвэр байгуулах төсөл
  • ХАА, агропаркийн төсөл
  • Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрийн төсөл
  • Ховд тээвэр ложистикийн төсөл
  • Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл
  • Хашаандаа сайхан амьдарцгаая төсөл

Дээрх төслүүдээс баруун таван аймгийг эрчим хүчээр хангах, импортын эрчим хүчийг орлох Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төсөл олны анхаарлын төвд байлаа. Тус цахилгаан  станц ойролцоогоор 800 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босох бөгөөд станцыг ашиглалтад оруулснаар баруун таван аймгийг эрчим хүчээр бүрэн хангах дотоодын найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болох юм.   Өөрөөр хэлбэл ОХУ, БНХАУ-аас импортоор өндөр үнэтэй авдаг цахилгаан эрчим хүчийг хямдаар дотоодоосоо хангана гэсэн үг.

 Дөргөний усан цахилгаан станц 1кв цахилгаан эрчим хүчийг 35 төгрөгөөр үйлдвэрлэдэг  бол Ховд аймгийн баруун гурван сум БНХАУ-аас 1 кв эрчим хүчийг 350 төгрөгөөр, Орос улсаас 250 төгрөгөөр авдаг  ажээ. Харин шинэ станцтай болсноор айл өрхөд 100 гаруй төгрөгөөр, албан байгууллагад 200 гаруй төгрөгөөр цахилгааныг нийлүүлэх боломжтойг чуулганы үеэр дурдлаа. Энэ нь баруун таван аймаг руу үйлдвэр, үйлчилгээ хөгжих маш том боломж гэдгийг чуулганд оролцогчид  онцолж байлаа. Тус төслийн талаар төслийн удирдагч Ж.Лувсандандар “Төсөл БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжихээр болсон. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, бичиг цаасны ажил үргэлжилж байна. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс 2019 онд багтаад цаасны ажлыг дуусгах, амжвал 2019 ондоо барилгын ажлыг эхлүүлэх зорилготой байгаа. Оройтлоо гэхэд 2020 оны хавар барилгын ажил эхэлнэ гэв. 

Ховд аймгийн төдийгүй баруун таван аймгийн хувьд томоохон ач холбогдол бүхий бас нэгэн төсөл нь Цементийн үйлдвэрийн төсөл юм. Улаанбаатарт нэг тонн нь 150,000-160,000 төгрөгийн үнэтэй байдаг цемент Ховд аймагт 300,000-320,000 төгрөг, Баян-Өлгий аймагт 400,000 хүртэл төгрөгийн үнэтэй байдаг ажээ. Барилга, бүтээн байгуулалтын ажлын гол түүхий эд болох цементийн үйлдвэртэй болсноор шинээр баригдаж буй орон сууцны үнэ 30-40 хувиар буурах боломжтой гэсэн судалгаа гараад байгаа гэнэ.

“Ховд-Эко” цементийн төслийн технологийн инженер Д.Дарханбаяр “Баруун таван аймаг жилд дунджаар 220 мянган тонн цемент хэрэглэж байна. Үүнийхээ 88 мянган тонныг БНХАУ-аас, 132 мянган тонныг нь Улаанбаатараас татаж хэрэглэдэг. Улаанбаатараас баруун бүс рүү цемент тээвэрлэж энэ зардлаас шалтгаалаад үнэ өндөр байгаа. “Ховд-эко” цементийн төслийн санхүүжилт шийдэгдсэн бөгөөд 2019 оны хавраас барилгын ажил эхэлнэ. Жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баруун бүсийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй ОХУ-руу экспортлох боломж байгаа.

Цементийн үйлдвэр баригдаж, хямд цементтэй болохоор орон сууцжуулах болон томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжихэд хялбар болно. Барилгын материалын жижиг үйлдвэрүүд ч ашиглалтад орно.

Дараагийн нэг төсөл бол малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн ажил юм. 2011 онд ажил нь эхэлсэн ч зогсонги байдалтай байсан  уг байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулах ажээ.  Цэвэрлэх  байгууламжийг дагасан арьс шир, ноос ноолуур, мах сүү, малын гаралтай дайвар бүтээгдэхүүнүүдийг боловсруулах үйлдвэрүүд баригдаж дагаад олон ажлын байр бий болох боломжтой гэж Ховдынхон харж байгаа юм байна.

Чуулганаар яригдасан  дээрх төслүүдэд  хөрөнгө оруулах боломж хэн бүхэнд нээлттэй ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэс таван толгой ХХК мэдэгдэл гаргалаа

Эрдэнэс таван толгой ХХК-ийг биржээс гадуур уурхайн ам нөхцөлтэй...

Ардчилсан нам Зориг агсны хэргийн материалыг ил болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хурал зохион...

Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг...

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан нам болон Олон улсын ардчилсан холбоо  (IDU)-ны хамтарсан...