Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн тухай үзэсгэлэн гарлаа

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд сэргээн байгуулагдсан Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган хамгаалах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн зүтгэлтнүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь XX зууны Монголын төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч, анхны Ерөнхий сайд Түмэнхэн номун эзэн, Итгэмжит эетэй, Эрх дайчин Сайн ноён хан Боржигон овогт Төгс-Очирын Намнансүрэн юм.

Халхын Сайн ноён хан Т.Намнансүрэн нь 1878 онд Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Сайн ноён, засаг хошой чин ван Төгс-Очир, хатан Хандмаа нарын гэрт мэндэлжээ.

Тэрээр 1884 онд бэйс Чимэддоной, түшмэл Шийлэг нарт шавь орж, монгол, манж бичиг үсэг заалган, 1897-1908 онд Сайн ноён аймгийн цэргийн захирах туслагч жанжины хэбэй, 1906-1912 онд Сайн ноён хан аймгийн Цэцэрлэгийн чуулганы дарга, 1912-1915 онд Шадар сайд, Дотоодын зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд, 1915-1919 онд Шадар сайд, Ерөнхийлөн шийтгэх сайд, Цэргийн яамны тэргүүн сайд, мөн 1914-1919 онд Улсын дээд хурлын даргын албан тушаалд хавсран ажиллаж байсан юм.

Сайн ноён хан Т.Намнансүрэн нь Монгол Улсын гадаад улстай байгуулсан анхны гэрээ болох 1912 оны Орос-Монголын найрамдлын гэрээ, хавсарган тогтоосон гэрээ бичгийг байгуулахад МУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж, 1913-1914 онд хаант Орос улсад Монгол Улсын төрийн тэргүүний анхны айлчлал хийснээр хорьдугаар зууны Монгол Улсын гадаад харилцааны үндсийг тавьж байжээ.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон “Сайн ноён хаан” сан хамтран Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулан “МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД, САЙН НОЁН ХАН ТӨГС-ОЧИРЫН НАМНАНСҮРЭН 140” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино, эд өлгийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд гаргалаа.

Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд МУ-ын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаатар, Монголын Үндэсний Музейн захирал, гавьяат багш, доктор Д.Сүхбаатар, “Сайн ноён хаан” сангийн захирал Ч.Надмид нар оролцлоо.
Тус үзэсгэлэнд Сайн ноён хан аймгийн ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл, Сайн ноён ханы хошууны нутгийн зураг, Хиагтын гурван улсын гэрээнд оролцож буй Монгол улсын Засгийн газрын бүрэн эрх барих сайдуудад, Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэн болон бусад сайдуудад илгээсэн шифрлэсэн цахилгаан /1914.12.16/, МУ-ын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хэрэглэж байсан дөрвөн бадамтай, дөрвөн хөлтэй тулга, МУ-ын Бүгд Ерөнхийлөн захирах сайд, Бүрэн эрх барих Элчин сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнд дурсгасан мөнгөн хайрцаг /1914.11.11/ зэрэг ховор үзмэрүүд дэлгэн тавигдсан юм.

Энэхүү үзэсгэлэн 2018 оны 12 дугаар сарын 10-аас 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд, 2018 оны 12 дугаар сарын 17-оос 12 дугаар сарын 30-ний өдрийг дуустал Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд тус тус гарах бөгөөд сонирхсон иргэд үнэ төлбөргүйгээр сонирхож болно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...