Тэр гавьяагаа байгуулсан, одоо гавьяатаа аваг

Дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчдынхаа урмыг хугалалгүй олимпийн төрөл, олимпийн бус гэж ангилалгүй, олимпийн жин, олимпийн бус жин гэж ялгалгүй гавьяа байгуулсан л бол тэднийг үнэлж сурах зарчим өнөөдөр үгүйлэгдэж байна. Хэдэн жилийн өмнө олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг, Б.Оюунсүрэн, Э.Сумъяа нар дэлхийн дэвжээнээс медаль зүүсэн ч олимпийн бус жинд медаль авсан гэдэг шалтаг шалтгаанаар өнөөдрийг хүртэл төрдөө гавьяагаа үнэлүүлж чадаагүй явна. Гавьяа үнэлнэ гэдэг нь “гавьяат” хэмээх нэртэй тэмдгэнд байгаа ч юм биш. Хүний хөдөлмөр, зүтгэлийг шударгаар үнэлээсэй л гэдэг утга юм.

2018 онд манай улсаас чөлөөт бөх, жүдо, бокс гэх мэт нэлээн хэдэн төрлөөр дэлхийн медальтан төрсөн. Тэдний нэг нь чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Баатаржавын Шоовдор билээ. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн тэрбээр маш богино хугацаанд спортын өндөр амжилт үзүүлсэн нэгэн. Чөлөөт бөхийн алдартнууд бага наснаасаа энэ спортоор хичээллэсэн байдаг. Харин Б.Шоовдор тэднээс арай өөр байлаа. Түүнд унаган авьяас, хичээл зүтгэл, байсан учраас тэр өнөөдөр дэлхийн медальтны эгнээнд зүй ёсоор багтаж байгаа юм.

2010 оноос эхлэн чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн Б.Шоовдор мастер найман жилийн дотор олимпоос бусад бүхий л том тэмцээнээс медаль шүүрч чаджээ. “Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгдэх болсон Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри тэмцээний аварга, Азийн аваргын мөнгө, хүрэл медаль, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медвед, Сассари, “Монголиа Опен” олон улсын тэмцээний аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубын тамирчин Б.Шоовдор өнөө жил Будапештын дэвжээнд нэрээ дархалж Монголын багийн хүртсэн гурван медалийн нэгийг энгэртээ зүүсэн билээ.

Чөлөөт бөхийн дэлхийн аваргын 59 дэх медалийг эх орондоо авчирсан түүний хувьд найман жилийн хугацаанд энэ бүх амжилтын эзэн болов. Бөхийн спортод дуртай ч хичээллэх арга эвээ нэг л олохгүй байж, Б.Шоовдор. Харин дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Энхжаргал түүнийг чөлөөт бөхөд эргэлт буцалтгүй ороход том хөшүүрэг нь болсон гэдэг. Тэрбээр ярилцлагадаа “Гавьяат тамирчин Ц.Энхжаргал эгчийн барилдахыг хараад энэ эгч шиг барилддаг болно гэж бодсон. Тэгээд л чөлөөт бөхөөр барилдахаар шийдсэн юм. Чөлөөт бөхийг үзээд суухад их л амархан юм шиг санагддаг байлаа. Харин яг хичээллээд эхлэхэд үнэхээр хэцүү санагдсан. Гэхдээ би Ц.Энхжаргал эгч шиг болох мөрөөдөлтэй байсан учраас шантраагүй” хэмээн хэлсэн байдаг.

Үнэхээр түүний хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, тэсвэр тэвчээр нь Б.Шоовдорыг дэлхийн аваргын хүрэл медалиар шагналаа. Харин одоо ид торгон ирэн дээрээ амжилт гаргаж яваа залуу тамирчиндаа төр, засгийн зүгээс өгөх ёстой гавьяа шагналыг нь харамлалгүй өгөөсэй гэж хүсэх байна. Түүнд илүү урам орно. Илүү их эрч хүч нэмэгдэнэ. Тиймээс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулж байгаа тамирчдынхаа амжилтын хөлсийг хатаагүй байхад нь урам хайрла, гавьяа шагналаа хайрлалгүй өг, Монгол Улсын Ерөнхийлөгч өө.

Т.Наран

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...