Айрганд хүний биед хэрэгтэй бүх витамин бий

Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай юм. Гүүний айргийг БНМАУ –аас гадна  Бүгд Найрамдах Казах ба Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог.

Далай багш нэгэнтээ монголчуудыг айргаа тааваараа уу гэсэн нь санаандгүй ч үг биш бололтой. Айраг нь манайхаас гадна Казах, Киргиз, Автономит Башкир мөн Халимаг улсад өргөн дэлгэрсэн  ундаа. Айраг болон саамыг эмчилгээ сувилгааны чанартайг бид  мэддэг ч найрлага  ашиг шимийг төдийлөн нарийн мэддэггүй аж.

Айраг найрлаган дахь амин  хүчлүүдээрээ эхийн сүүтэй ойролцоо

Айраганд чухал чухал амин хүчлүүд байх бөгөөд амин хүчлийн найрлагын хувьд айраг нь ямар зүйлтэй харьцууламгүй төгс чанартай юм.Өөрөөр хэлбэл айраг нь найрлаган дахь амин  хүчлүүдээрээ эхийн сүүтэй ойролцоо гэж болно._Айргийн уургийн бүрэлдэхүүнд 20 орчим амин хүчил байх бөгөөд түүний 10 нь бие махбодын дотор нийлэгжиж бий болдоггүй учир хүнсний зүйлээр гаднаас орж байх ёстой бусад амин хүчлээр орлуулж боломгүй амьдралын чухал хүчлүүд ажээ.  Ингээд айраганд хийсэн судалгааны дүнтэй танилцая.

Саам болон айргийн бүрэлдэхүүний 1.8-2.2 орчим хувийг эзэлдэг уургийн бодис сүүн хүчлийн  бактерийн нөлөөгөөр үхрийн сүүтэй адил нягт элгэн бүрэлдэхгүй харин үл мэдэг жижиг язмаг үүсгэдэг учир ходоод гэдэсний ажиллагааг хүндрүүлдэггүй, хялбархан шингэдэг давуу талтай аж.

 Саамын нийт уургийн 40% -ийг альбумин, глобулин мэтийн уусагч уураг эзэлнэ. Энэ уусмал уургийн дотор 47.6% нь альфалакто-альбумин, 31.4% бета-лакто-глобулин, 14.8% иммунт глобулин эзэлж байгаа нь гүүний айргийн сувиллын ач холбогдлыг тодорхойлно. Учир нь айраг боловсруулах үед уургийн зүйл задарч цөөн молекулт, хялбар шингэж боловсрох нэгдлүүд болж хувирдаг  байна.

Эрдэмтдийн судалснаар гүүний сааманд триптофан 1.38-1.44% буюу үхрийн сүүнийхээс илүү байжээ. Триптофанаас  РР витамин, цөсний хүчил, бэлгийн ба кортикостероид гормон, стерин зэрэг биологийн чухал бодисууд үүсдэг тул хүний биед их чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Эдгээр хүчлээр бие махбодыг хангаж өгөх хүнсний эх үүсвэр нь айраг гэж зүй ёсоор үзэж болно. Айрагт 1.5-2.2%-ийн хэмжээний тослог бий.  Айргийн тос нь найрлагандаа 20 орчим олон холбоост үл ханасан  өөхөн хүчлүүдтэй. Эдгээр нь өөхөн хүчлийн дотор үл ханасан хүчлүүд 64.5% -ийг эзэлдэг байна. Үл ханасан өөхөн хүчлүүд хүний бие махбодод маш хариуцлагатай үүрэг биелүүлдэг  байна.

Кальций, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуу найрлагатай

Айргийн найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бараг бүх витамин агуулагддаг. Айраг А, С, В витаминаар маш баялаг. Нас гүйцсэн хүний биед өдөрт А витамин 1 мг, Д витамин 0.002 мг, С витамин 50-75 мг, В витамин 2-3 мг, РР витамин 20 мг гэх мэт витаминууд шаардлагатай. 1л айрагт 0.3-0.4 мг А витамин, 95-100 мг С витамин, 250-330 мг аскорбины хүчил байдаг ажээ. Айраг бол Д витамин ихтэй бүтээгдэхүүн юм. Үржлийн витамин болох Е витамин 1л сааманд 0.65-1.05 мг байна. Холестриний солилцоонд ордог F витамин линолийн, линолеиний, арехидоны, зэрэг үл ханасан өөхөн хүчлийн хэмжээнээс хамаардаг тул айраг бас энэ витаминаар баялаг. Айрагт В –гийн төрлийн витамин байдаг.

Мөн кальций, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуу найрлагатай байдаг  аж.  Ялзруулагч бактер, гэдэсний савханцар, стафилококк зэрэг болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессийг зогсоох, гэдэсний рH –ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээ ч айрганд бий. Айргийн энэхүү сувилал эмчилгээний чанар нь нэг талаар хөрөнгийн бичил биетүүдийн ялгаруулдаг антибиотик бодис, нөгөөтэйгүүр исэлтийн үр дүнд бий болдог үлэмж хэмжээний сүүний хүчлийн хэмжээтэй шууд холбоотой юм байна.

Адуу нь сүрьеэ, бруцеллёз, дэлэнгийн үрэвсэл зэрэг саалийн бусад төрлийн малд өргөн тохиолддог өвчнөөр өвчилдөггүй мал.Иймийн учир  учир сүү шим нь энэ талаар харьцангуй ариун гэж мэргэжлийн хүмүүс үздэг аж.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэс таван толгой ХХК мэдэгдэл гаргалаа

Эрдэнэс таван толгой ХХК-ийг биржээс гадуур уурхайн ам нөхцөлтэй...

Ардчилсан нам Зориг агсны хэргийн материалыг ил болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хурал зохион...

Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг...

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан нам болон Олон улсын ардчилсан холбоо  (IDU)-ны хамтарсан...