ХААН банкнаас “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг эхлүүллээ

Сурагчийн ширээнээс их сургуулийн амьдралд хөл тавьсан шинэхэн оюутнууд амралтын өдөр оюунаа цэнэглэхээр “Зайсан хилл”-д цугларсан байлаа. Учир нь, тэнд ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Unread.today мэдээллийн сайттай хамтран хэрэгжүүлж буй шинэ оюутны хөгжлийн “RISE” хөтөлбөрийн нээлт болсон юм.

Их сургуулийн оюутан болно гэдэг хүүхэд бүрийн хувьд амаргүй даваа байдаг. Тэр дундаа орон нутгийн шинэ оюутнуудын хувьд эцэг, эхээсээ хол бие даан амьдрах, хичээл сурлага, санхүүгээ зөв зохицуулах, өөрийгөө хөгжүүлэх, их хотын дүрмээр амьдрахад олон асуудал тулгардаг. Тиймээс шинэ оюутнуудад эдгээр асуудлаа аль болох шуурхай шийдвэрлэж, амжилттай суралцах, хотын соёлд дасан зохицоход нь туслах зорилгоор ХААН Банк Сан “RISE” хөтөлбөрийг эхлүүлж байгаа аж.

Энэхүү хөтөлбөрийн нээлтэд ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва нар оролцож, оюутнуудад хэрхэн амжилттай суралцах талаар зөвлөгөө өгч, амжилт хүслээ. Энэ үеэр ХААН Банк Сангийн менежер М.Мандахмягмар “Чанартай боловсрол олж авах, зөв хандлагатай хувь хүн болж төлөвших, ирээдүйд сайн сайхан амьдрах нь их сургуулийн дөрвөн жил болоод өөрийгөө хөгжүүлсэн байдлаас шууд хамаарна. Үүнийг олон хүний туршлага, судалгаанд үндэслэсэн байдаг. ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас шинэ оюутнуудад зориулсан “RISE” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Уг хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр (бямба гараг) болж байна. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад хэрхэн бие дааж амьдрах, санхүүгээ хэрхэн зөв зохицуулахад туслахын зэрэгцээ амжилттай суралцахад нь дэмжих зорилготой юм. Тиймээс оюутнуудад зориулсан олон сонирхолтой арга хэмжээг Unread.today мэдээллийн сайттай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд ирж чадаагүй оюутнууд хөтөлбөрийн фэйсбүүк группээс (https://www.facebook.com/groups/957023887835322/?ref=br_rs) мэдээлэл авч, хөтөлбөрт хамрагдах боломжтой” гэлээ. ХААН Банк Сан 2007 онд байгуулагдсанаас хойш 350 гаруй төсөл хөтөлбөрийг 3.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Ингэхдээ улс орны олон салбарт чиглэн ажилласан байна. Тухайлбал, олон нийтийн эрүүл мэнд, байгаль орчин, урлаг соёл болон нийгмийн эмзэг бүлэг рүү чиглэх гэх мэт. Боловсролын салбарт л гэхэд ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, 1500 орчим оюутныг хамруулжээ.

“RISE” хөтөлбөрийн нээлтэд 800 гаруй оюутан оролцсон бөгөөд энэ үеэр тэдэнд зориулан хоёр сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт салбартаа амжилттай яваа эрхмүүд өөрсдийн суралцах арга барил болон амжилттай суралцсан туршлагаасаа хуваалцаж байв. Тухайлбал, Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Б.Нандин-Эрдэнэ оюутнуудад нийтлэг ажиглагддаг алдаа нь өөрийнхөө төлөө бус багшийнхаа төлөө сурч байгаа юм шиг хандлагатай байдгийг хэлж, өөрийгөө танин мэдэж, юу хүсч байгаагаа тодорхой болгож суралцаарай гэдгийг захисан юм. Үүнээс гадна ХААН Банкны Санхүүгийн байгууллагын захирал Ч.Азжаргал хэлэлцүүлгийн үеэр оюутнуудад хувь хүний хөгжил гэдэг нь зөвхөн оюутан таны өөрийн хичээл зүтгэлээс хамаардаг бөгөөд аливаа зүйлд зүрх сэтгэлээсээ хандаж сурах нь хувь хүн болж төлөвшихийн хамгийн гол зүйл гэдгийг онцлон хэлж байлаа. Мөн оюутнуудын дунд хөгжилтэй тэмцээн уралдаан зохиож, өөрсдийгөө нээн илрүүлэх, авхаалж самбаагаа уралдуулах боломж олгож байсан юм.

Харин оюутнууд “RISE” хөтөлбөрийг хэрэгжүүлж, шинэ оюутнуудад бэрхшээлтэй олон асуудалд тусалж байгаад ХААН Банкныханд баярлаж буйгаа илэрхийлж байв. Тухайлбал, Идэр дээд сургуулийн I курсийн оюутан Ч.Шинэтулга “RISE хөтөлбөр надад их таалагдаж байна. Оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ХААН Банкныханд баярлалаа гэж хэлье. Би бол шинэ оюутан. Хүмүүстэй хэрхэн хамтарч ажиллах, өөрийгөө хэрхэн нээх зэргийг мэдэхгүй. Харин энэ асуудлуудад туслахаар ХААН Банкныхан хөтөлбөр хэрэгжүүлж байгаад их баяртай байна”  гэсэн бол МУБИС-ийн I курсийн оюутан Г.Оролмаацэрэн “Монголын хөгжлийн ирээдүй оюутан бидний хөгжлөөс их хамаарна. Харин оюутны хөгжлийг дэмжиж байгаа хамгийн том хөтөлбөр нь ХААН Банкны “RISE”хөтөлбөр гэж бодож байна. Энэ хөтөлбөрт хамрагдаж чадсандаа баяртай байна. Оюутнууддаа энэ хөтөлбөрт нэгдээрэй гэж уриалъя” гэсэн юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд хичээлийн жилийн турш шинэ оюутан залууст хэрэгтэй, өгөөжтэй сургалт, лекц болон бусад олон арга хэмжээг зохион байгуулах ба нээлтийн арга хэмжээний маргааш буюу ням гарагт ХААН Банк Цамхагт 80 оюутныг хүлээн авч санхүүгийн боловсрол олгох болон хувь хүний хөгжлийн тухай сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...