Хүүхэд барьцаалсан багш нар

1
4261

Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг хэмээх эрхэм хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр багш нар ажил хаяна гэж мэдэгдлээ. Шинэ хувцсаа өмсөөд, дэвтэр номоо цүнхлээд, гэгээхэн мөрөөдлөөрөө жигүүрлээд эрдэм номын өргөөндөө иртэл “Ажил хаяна” гэсэн хөндий хүйтэн үгээр багш нар нь ийн угтлаа. Хүүхдүүд, аав ээжүүд гайхан цочирдож, яах учраа олохгүй сэтгэлдээ хий дэмий горьдлого тээн харьцгаав. Энэ жилийн эрдмийн баярын нээлт нэг иймэрхүү эрээвэр болж өндөрлөлөө.

Багш нар эрхээ хамгаалуулах, тэмцэл хийх бүрэн эрхтэй. Үүнийг хэнбугай ч үгүйсгэж, хааж боож чадахгүй. Түмний хүүхдийг гэгээрүүлэх үйлсийн тэргүүн фронтод тулалдаж яваа тэдний хөдөлмөрийг зохих төвшинд нь шударгаар үнэлэх ёстой гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Бараг хүн бүр багш нарын нийгмийн асуудлыг илүү сайн төвшинд хүргэх ёстой гэдгийг дэмждэг. Гэхдээ тэмцэхэд бас учир бий. Үйлдвэрчний эвлэлийн дарга нар зуны саруудад таг дуугүй байснаа хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүдэрдэм номд шамдах болохоор гэнэт хэлд орсныг юу гэж ойлгох вэ. Аливааг заавал тартагт нь тулгаж, хаймгийн муйхар аргыг сонгож тэлчлэх нь олон жилийн түүхтэй үйлдвэрчний байгууллагаас гарах араншин яавч биш.

Засгийн газраас боловсролын салбарт ажиллагчдын цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн сарын 22-нд гаргасан. Салбарын сайдын тайлбарласнаар бол цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсрол, тусгай хэрэгцээтболовсрол олгож байгаа багш нарын цалин есдүгээр сарын 1-нээс 12-30 хувиар нэмэгдэж байгаа юм билээ. 2007 оноос огт хөдлөөгүй байсан цалингийн хэмжээг ямартай ч 30 хүртэл хувиар нэмэгдүүлэв. Мэдээж хэрэг энэ нэмэгдэл багш нарын амьдралын баталгааг 100 хувь хангахгүй. Гэхдээ 11 жилийн дараах цалингийн энэ нэмэгдэл бол багш нарын тэмцлийн боломжийн үр дүн, ялалт мөн. Монголчууд чамлахаар чанга атга гэдэг дээ.

МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг “Бид салбарынхаа яамтай уулзаж тулгамдаад байгаа асуудлынхаа талаар ярилцсан. Гэсэн ч бидний тавиад байгаа  гол шаардлага болох цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал дээр тохиролцоонд хүрч чадсангүй. Тиймээс хугацаагүй ажил хаялтыг есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн хийх болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газар наймдугаар сарын 22-ны өдөр цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан ч бид цалинг нэмэх асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй. Дээрх шийдвэрийг МБШУҮЭХ-ны салбарт ажилладаг  нийт багш ажилчид бүгд эсэргүүцэж байгаа” гэж ярьжээ.

Цалин нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргаад, 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн өдөр байхад бид тохиролцоонд хүрээгүй гэж ярьж суух нь ниргэсэн хойно нь хашгирч байгаагаас ямар ч өөрцгүй мэт. Үйлдвэрчний байгууллага хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээний нэг оролцогч. Төр, ажил олгогч нартай яриа хэлэлцээ хийдэг ийм тогтолцоо хуулиар зөвшөөрөгдсөн. Тэд эрх баригчидтай хуулиар тогтоож өгсөн энэ л сувгаар зөвшилцдөг болохоос наймаалцах учиргүй. Ж.Батзориг даргын яриаг анхааралтай тогтож унших аваас багш нарын эрх ашиг, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг барьцаалсан мэт ойлгогдоно. Зөвшилцөнө гэдэг бол хуулиар зөвшөөрөгдсөн яриа хэлэлцээ, тохиролцоо гэдэг бол арилжаа наймаа гэдгийг захын хүн гадарлах болсон цаг.

Хүмүүс 1995, 2012 оны багш нарын ажил хаялтыг мартаагүй байх. Эхний тохиолдолд багш нар хугацаагүй ажил хаялт зарлаж байв.Сүүлд 2012 онд ажил хаялт зарлаад цалин нэмэх шийдвэр гаргуулсан ч юмны үнэ галзууртлаа өсөж, өнөөх нэмэгдлээс нь даваад талийж өгсөн гунигт түүх бас бий. Энэ бүхнээс илүү хүүхдийн сурч боловсрох эрх гэж бий. Багш нар ажлаа хийхгүй бол хичээл завсардана, хоцорно. Аав ээжүүд ажлаа тайван хийж чадахгүй хөдөлмөрийн бүтээмж муудна. Гэх мэтээр тоочоод байвал сөрөг үр дагавруудыг тооцох аргагүй.
Энэ удаагийн хугацаагүй ажил хаялтад хэчнээн сургууль, багш нэгдсэнийг хэн ч мэдэхгүй байна. Зохион байгуулж, ажлаа хаяхыг уриалж байгаа үйлдвэрчний эвлэлийнхэн ч хэлж чадахгүй байгаа нь хачирхалтай. Нийт багш нарын тэмцэл үү, нэг хэсэг хүний ашиг сонирхол уу. Монгол Улсын боловсролын салбарт хүүхэд барьцаалж тохиролцоо хийх хэмжээний арилсан дотортой багш бий гэдэг эргэлзээтэй. Харин багш нарын нэр барьсан жижиг гарын наймаачид бол байдгийг энэ салбарынхан хэлдэг.

Нийгмийн оюун санааны түүчээ болсон боловсролын салбарынхан хүүхэд барьцаалж санасандаа хүрэх хэмжээний доройтолд орчихоогүй бол даваа гарагт хичээл хуваарийн дагуу орох байх. Хэрэв хүүхдийн сурч боловсрох эрхийг ноцтойгоор зөрчвөл энэ салбарт их цэвэрлэгээ хийх цаг болсныг илтгэнэ. Хичээл ороосой.

Б.ТҮВШИНТӨГС

1 сэтгэгдэл

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here