“Хичээнгүй сайд”-ын түүхэн замналаар аялаарай

"Хичээнгүй сайд”-ын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

XX зууны түүхэнд эрдэм мэдлэг, суу ухаан, гавьяа зүтгэлээрээ тодорч мөнхөрсөн олон хүмүүний нэг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнгийн нээлт Монголын үндэсний музейд боллоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар Монголын үндэсний музей, Архивын ерөнхий газар, “Хичээнгүй сайд” сан хамтран ард түмэнд “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Б.Цэрэндоржийн амьдрал, түүхэн замналыг харуулсан үзэсгэлэнг энэ сарын 27-ныг хүртэл олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна.

Үзэсгэлэнд Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэр, архивын баримтыг дэлгэн тавьсан байлаа. Тэдгээрийн дотор 1913 оны нэгдүгээр сард Оросын эзэн хаанаас шагнасан “Гэгээн Станиславын одон”, Хятадын Засгийн газраас шагнасан “Үнэн гэрэлтийн одон”-гийн үнэмлэх, Монгол Улсын анхны “Бичгийн гавьяаны одон”, 1925 онд зөвлөлт Орос улсаас бэлэглэсэн бичгийн хэрэгсэл, цайны хэрэгсэл болон өөрийнх нь хэрэглэж байсан хормойн боолт, цүнх, цаг, бичгийн хэрэгслийг дэлгэжээ.  Мөн Б.Цэрэндоржийн ганц хүү Юндэн,  түүний гэргий Ц.Лхамсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс дээжлэн олны хүртээл болгосон байна.

"Хичээнгүй сайд”-ын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

"Хичээнгүй сайд”-ын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

"Хичээнгүй сайд”-ын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хичээнгүй сайд” сангаас бэлтгэн хэвлүүлсэн “Ардын төрийн ахмад зүтгэлтэн Балингийн Цэрэндорж”, “Хичээнгүй сайд Цэрэндорж”, “Юндэнгийхэн” болон “Хичээнгүй сайдынхан” номын нээлт болсон юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оролцож, үг хэллээ. Тэрээр “2018  онд бид Монгол төрийн нэрт зүтгэлтэн,  олноо “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэж байна. Тэрээр бага наснаас бичиг эрдэмд шамдан монгол, манж, хятад хэл бичгийг зэгсэн сайн сурч, тухайн цаг үеийнхээ бичгийн боловсролтой нэгэн байлаа. Тэрээр идэр залуугаас төрийн алба хашсан нэгэн төдийгүй ХХ зууны эхний мөчлөгт Монгол орон, монголчуудын түүхэнд тохиосон олон үйл явдлын гэрч, оролцогч байсан билээ. Үндэсний сэргэн мандалтын эхийг тавьсан 1911 оноос хойш насан элэх хүртлээ Монгол төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрдэм ухаан, хүч хөдөлмөрөө зориулахдаа Ерөнхий сайдын албыг хашиж, төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлон, хууль цаазыг боловсруулж, иргэний боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, улс орныг батлан хамгаалах үйл хэргийг удирдаж байсан юм. Монгол оронд Бүгд найрамдах засаглал тогтоох бэлтгэл ажлыг хангаж, анхдугаар “Үндсэн хууль”-ийг батлах үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож, шинэ Монгол Улсын эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүн билээ. Б.Цэрэндорж гуай эрдэм билэг төгөлдөр нэгэн байж, идэр залуу насандаа хэлмэрч, орчуулагч хийж, улмаар орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага-Судар бичгийн хүрээлэнгийн Хүндэт гишүүнээр сонгогдож, ном бүтээл туурвин тусгай шагнал хүртэж, Монгол Улсын бичгийн гавьяаны тэргүүн зэргийн одонг анх хүртсэнийг бахархан тэмдэглэж байна. Түүний хийж бүтээсэн бүхнийг нэгэн удаа өгүүлж үл барах тул монголчууд нийгэм, төрийн байгууллаа өөрчлөн шинэчилж, нүүдэлч малчдын орноос орчин үеийн улс болох суурийг тавилцсан гавьяатан болохыг онцлон хэлмээр байна” гэв.

2018 оны турш үргэлжлэх ойн арга хэмжээний хүрээнд Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн үр, хүүхэд, ач, зээ нарынх нь байгуулсан “Хичээнгүй сайд сан”-гаас “Монгол шуудан” ТӨХК, Монголын марк цуглуулагчдын холбоотой хамтран “Ерөнхий сайд Б.Цэрэндорж 1868-1928” нэрт марк хэвлүүлж, худалдаанд гаргах, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Ерөнхий сайд Б.Цэрэндорж” сэдэвт баримтат кино болон 130, 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлүүлэхээр төлөвлөсөн байна. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж нь Монгол төрийн анхны Элчин сайд хүн байсны хувьд түүхчид, судлаачид, эрдэмтэд оролцсон “Ерөнхий сайд Б.Цэрэндорж: Амьдрал, тэмцэл, үйл хэрэг” сэдэвт эрдэм шинжилгээний томоохон хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 23-нд зохион байгуулах юм байна.

 

"Хичээнгүй сайд”-ын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

"Хичээнгүй сайд”-ын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

"Хичээнгүй сайд”-ын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...

Шинэ суурьшлын бүс буюу Яармагт анхны улсын сургууль барихаар болжээ

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн өргөтгөлийн...

“Монгол Улс Ардчиллын Баянбүрд” олон улсын хурал эхэллээ

Олон Улсын Ардчилсан Холбооны /IDU/ “Монгол Улс Ардчиллын Баянбүрд”...