Лигницийн дэргэд Монгол дайчид домог бүтээв

50-60 мянган цэрэгтэй Чехийн томоохон арми Прагаас гарч Лигницэд ойртон буй мэдээ авсан Байдар, Хайду нар Врацлавыг гал утаан дунд нь орхиод II Хенрийн араас яаравчлан хөдөлжээ. Тэд Одер мөрний хөндийг уруудан шуурхайлж, Одерийн нэгэн цутгал Нис голын эрэг орчимд Лигниц зүг аяны маршаар явсан II Хенрийн армийн ар тал болох Глагов, Лигниц орчмын төдийгүй Таатрын (Карпатын нурууны умард өндөрлөг хэсгийн нэр) герман уурхайчдаас яаран сандран цуглуулсан явган цэргийн анги руу гэнэт уулгалан дайрсан байна. Дэлхийн цэрэг дайны түүхэнд Лигницийн тулаан хэмээн ихэд онцгойрон үлдсэн энэ үйл явдал өдгөөгөөс 776 жилийн өмнө 1241 оны 5 сарын 9-ны үүрээр эхэлжээ.
Тулалдаан европынхны хувьд санаандгүй, төлөвлөөгүй байдлаар эхэлжээ.
Лигницийн дэргэдэх тулалдаанд Хенри ван болон ханхүү Байдар нар тус бүрдээ хэдэн цэрэгтэй байсан талаар харилцан адилгүй мэдээллүүд бий. Тухайлбал:
– Келли Деврис, Мартин Дугхерти нарын зохиогчдын “Дундад зууны тулаанууд“ номонд монгол армийн бүрэлдхүүнд туршлагатай удирдлага дор нэгдсэн олон овог аймгийн цэрэг байсан. Мангуудын хөнгөн морин цэрэг – 1000, морьтой харваачид – 11 000, хүнд морин цэрэг – 8000 орчим, нийт 20 000 орчим цэрэг байсан бол Европын армид Силезийн болон тевтон, темплар, хоспиталар зэрэг хуягт баатрууд – 8000, хөнгөн морин цэрэг 3000, Краковоос зугтан ирсэгсэд, германы уурхайчид зэрэг явган цэргүүд 14 000, нийтдээ 25 000 орчим байсан гэсэн тэмдэглэл бий.
– Ричард А. Габриэль “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” номдоо “Европыг Монголчуудаас аврахыг оролдсон Хенри вангийн дэргэд 50 000 орчим цэрэг цугласан, харин монголын Хайду хаан 20 000 орчим цэрэгтэй байсан” гэжээ.
– БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрхлэн гаргасан ”Монгол цэргийн түүхийн товчоо” номонд Байдар 8-9 мянга, европчууд 30 мянга байсан гэсэн бол Э.Филлипсийн “Монголчууд” номонд мөн энэ тоог дурдсан байна.
-Түүхч Ж.Бор “Байдар ноёны тэргүүн анги Лигницийн ойролцоох Вальштадт тосгоны дэргэд польш, франц, германы хуягт баатруудын гурван түмэн хүнтэй армийг бут цохижээ гэх зэрэг. Гэхдээ олонхи судлаачид 20 х 30 мянга гэсэн тоон дээр тогтдог.
Тулаан эхэллээ. Монголын түрүүч анги 10 000 орчим хүнтэй герман уурхайчдын явган цэргийн араас довтлон бужигнуулж гарахад ойрхон явсан Их Польш, Краковын рыцарь цэргээс бүрдсэн анги цэрэг тулааны чимээ сонсоод, явган цэрэгтээ туслахаар яаравчлан ирсэн байна. Энэ ангийг төрөлх хотоо баатарлагаар хамгаалан амь эрсэдсэн Краковын жанжин Владимирийн ах Сулислав захирч байв. Мөн Ополегоос ухарсан Мичислав гүнгийн захирсан Ополе болон Дээд Силезийн рыцарь цэрэг ч хүч нэмэн иржээ.
Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн дайралтыг монголчууд тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугтжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөсөөр эгнээ нь задарч, цэргүүд хоорондоо холилдон замбараагаа алдан, цуварч ирсэн байна. Явган цэргээсээ ч тасарчээ. Рыцариудын өмнө гэнэт утаан хөшиг татаж орхих нь тэр. Монголчууд амьтны толгойн дүрстэй урт бүрээ шиг юмаар утаа тавьж байсан гэдэг. Гашуун амт бүхий утаан хөшиг ярагдмагц хэдийнэ байрлалаа эзлэн, нум саадгаа дэлгээд хүлээж байсан монголчуудын гол хүчин суман мөндрөөр угтав. Мөн тэдний ар хударгаар монголчууд ороон орж, явган цэргээс нь таслан, утаа тавьсан байна. Ингээд эмх замбараагүй болсон европын хоёр замын цэргийг тал талаас нь бүслэн харваж, дайран цохиж дор нь эд бад хийхэд үлдсэн нь хар эрчээрээ буцан зугтаж, тэгэхдээ араас нь дөхөж явсан явган цэргээ дайран сандаргаж, бөөн үймээн, эх толгойгүй юм болов. Тэднийг монголчууд гэзэг даран элдэж хядлаа. Энэ үймээн ид оргилдоо үед II Хенри вангийн захирсан Доод Силез, Их Польшийн шилдэг цэргийн анги, Понсе д Обоны захирсан герман, франц, литовын тайж гаралтай шилдэг рыцариудын анги залган ирж тулаанд орсон боловч нэгэнт үймээн сандраан, гүн шоконд орчихсон бусад цэргүүдээ засаж, эргүүлж чадсангүйгээр барахгүй өөрсдөө ч тэр үймээн дотор нь хутгалдаад удирдлага, санаачилгаа бүрмөсөн алдсан байна.
Ингээд тулаан биш ярга, хядлага болж хувирчээ. Рыцарь баатрууд хэдийгээр нэр төрөө өндөрт өргөн тулалдацгаасан боловч ямар ч удирдлага, зохион байгуулалт, төлөвлөгөөгүй, зүгээр л зөнгөөрөө тулалдаж байжээ. Европчуудаас долоохон хуягт баатар л амьд үлдэж.., II Хенрид туслахаар ирсэн францын 500 морьтон баатар эрсэд Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Литовууд, германы тевтонууд, польшуудын бахархал болсон баатар эрстэй хамт ван II Хенри, ван Мичислав, жанжин Сулислав, Болеслав, эрхэм тайж д Обоне нарын олон дээдсүүд бүгдээр хөлөг баатрын ёсоор тулааны талбарт ясаа тавьжээ.
II Хенри ван тулааны талбараас дөрвөн хамгаалагчийн хамт зугтан гарахыг оролдож, давхиж явтал морь нь шархдан шургачин унажээ. Тэр морио солих хооронд монгол цэрэг гүйцэж ирээд элгийг нь нэвт жадалж… Зарим бичлэгт хонь мэт өрлөж алсан гэж бичсэн нь бий.
Богино хугацаанд болсон тулаан нэртэй хядлага өндөрлөж, амь зулбан гарч чадсан ганц нэгэн давхин ирэх хүртэл Лигницчүүд ялагдалд бүрэн итгэсэнгүй. Ялагдлын мэдээ дэндүү аймшигтай байв. Монголчууд Хенри вангийн толгойг урт морин жадны үзүүрт өлгөчихөөд Лигниц хотын шивээ хэрмийн гадуур гурвантаа тойрон давхилдаж, муухай орилолдсон нь айдас дээр нь нэрмээс болжээ.
Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ.
Гэтэл Хенри вангийн толгойгүй цогцос олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй нүцгэн цогцсыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан байна. Ван хүн тухайн үед өмссөн хувцас, агссан зэвсэг сэлтээрээ илэрхий ялгарах атал ийнхүү будилж хайсан нь Хенри вангийн хувцас, зэвсгийг хэн нэгэн мулталж авсан, эсвэл ван өөрөө зугтахдаа амиа аврахын тулд зүсээ буруулж жир цэргийн хувцас, өмсгөл өмссөн байх магадлалтай.
Хожим 1632 онд археологичид Хенрих вангийн бунхныг онгойлгож үзэхэд үнэхээр толгойгүй, зүүн хөл нь зургаан хуруутай араг яс гарч ирсэн байна. Мөн ванг эрсэдсэн газарт вангийн эх чин сүжигт Хюдвиг ахайтанд зориулсан сүм босгожээ.
Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэн авч, Хархоринд (зарим сурвалжид Батхаанд) илгээсэн гэдэг. (Энэ 9 шуудай чих нь дайснаа айлгахын тулд зориуд зохиосон Сүбээдэй баатрын арга заль, домог ч байж мэднэ. Зам зууртаа 9 шуудай чих илгээлээ хэмээн ихэд сүр дуулиан болгон аялуулсан ч үнэн хэрэгтээ хатсан жимс илгээсэн тухай домог бий.)
Энэ тулаан хожим дэлхийн дайн тулааны түүхэнд домог болон үлджээ. Цэрэг дайны түүхчид, дайны хэнээтнүүд энэ тулааныг сонирхон шохоорхохгүй өнгөрнө гэж үгүй. Харьцангуй давуу хүчтэй дайснаа эх нутаг дээр нь ийм хялбархан, ийм хохирол багатай ялсан тохиол түүхнээ болсон хэдэн арван мянган тулаан дотор нэн ховор учраас тэр…
Хэрцгий, өршөөлгүй ялагдлын мэдээ салхинд туугдсан мэт хоромхон зуур Европын хотуудаар тархав. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс сонсох учир бас байжээ.
.
Б.Номинчимэд “Эгнэшгүй нөхрийг олов” номоос..

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...