Мөнгөөр дутаагүй ч сэтгэл дутсан Су.Батболдын нэг жил

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Су.Батболдыг томилж байлаа. 1.3 сая хүнтэй нийслэл Улаанбаатар хотод Су.Батболдын он тооллын хүрд эргэж эхэлснээс хойш нэг жилийн ой дээрээ ирлээ. Хотод нэр дэвшээгүй, нийслэлчүүдэд ямар ч амлалт өгөөгүй түүнийг гэнэтхэн тооноор орж ирэн Хотын дарга болоход хүмүүс төдийлөн эсэргүүцээгүй. УИХ-д 65 суудал, НИТХ-д 34 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дарга хүссэн хүнээ дуртай газраа томилж эхэлсэн үе. Нийслэлд МАН нэгэнт засаглах нь сонгуулийн үр дүнгээр тодорхой болсон тул эрхбиш Төв аймгаас УИХ-д хэд хэд сонгогдсон энэ эрхмийг юу хийж бүтээхийг нь харъя гэж олон нийт тэвчээр заан хүлээсэн байх. Наадам дөхсөн учраас тэгсхийгээд хэл үггүй томилогдож, эрх мэдэл, тамга тэмдгээ авсан гэдгийг энэ өдөр нэхэн сануулах учиртай. Жилийнх нь ойн өдөр Хотын даргатай холбоотой онцгой үйл явдлуудыг эргэн дурсъя

1.    Харин тэгтэл инээд алдаж байгаад эрх мэдэлтэй болсон Су.Батболд дарга наадмын дараагаас ааш зангаа хувирган, хотонд орж ирсэн чоно шиг аашилж эхэлснийг хэвлэлийн шарласан хуудас дээр гэрчлэн үлдээжээ. Хотын дарга Тамгын газрын нэг хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ суудаг байсан өрөөг суллуулан олон сая төгрөгөөр засвар хийлгэж, гял цал болсон өрөөнд зөөлөн сандал тавиулан тухлав. Эрхэм даргын нүд гялбам тансаг өрөөний зураг нийгмийн сүлжээнд тавигдаж, олон хүний нүд хужирласан тул нуршихаа азная.

2.    2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийн хар жагсаалт гэгчийг гаргуулан хамгийн багадаа 300 гаруй төрийн албан хаагчдыг хоморголон халсан тухай таагүй мэдээлэл хөвөрч эхэллээ. Төрийн алба улс төрөөс хараат байх ёстой гэж хамгийн их ярьдаг Су.Батболд хамгийн их улстөржиж, олон төрийн албан хаагчийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэв. НИТХ дахь АН-ын бүлэг төрийн албан хаагчдыг олноор нь халж байгаагаа зогсоохыг тухайн үед шаардаж, дүгнэлт үйлдсэн ч тоож хэрэгссэнгүй.

3.    Наадмын дараах амралтын назгай байдлыг далимдуулан  халаа сэлгээ хийж дуусмагцаа есдүгээр сард нийслэлийн төв талбай дээр “Камертон”, “Никитон” хамтлагуудын тоглолт бүхий “Улаанбаатарын намар” нэртэй шоу зохион байгуулав. Өөрөө ч тайзан дээр гарч дуулсан, бүжиглэсэн. Битүүхэндээ орон нутгийн сонгуулийн далд сурталчилгаа болгож зохион байгуулсан энэ шоунд100 гаран сая төгрөг зарцуулсан гэж нийгмийн сүлжээгээр бөөн дуулиан болсон. “Face of beauty international” нэртэй миссийн тэмцээнийг Су.Батболд дарга 20 сая төгрөгөөр ивээн тэтгэв.

4.    Су.Батболд дарга “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа “Үнэндээ миний улс төрийн мөрөөдөлд Хотын дарга гэсэн төлөвлөгөө хэзээ ч байгаагүй” гээд хүсээгүй ажил дээр хүчээр томилогдсон аятай хүнийрхүү үг хэлж нийслэлчүүдийн урмыг хугалав. Дургүй ламд дарж байж сахил хүртээлээ гэдэг шиг сайд болох мөрөөдөлтэй С.Батболдыг яагаад Хотын дарга болгочихсон юм бэ гэж халаглахад хүрсэн.

5.    Замын цагдаагийн газраас гаргасан мэдээллээр 2016 онд л гэхэд 45 хүүхэд автомашинд дайруулж амиа алдаж, 959 хүүхэд бэртжээ. Гэтэл Хотын дарга нийслэлийн ИТХ-ын хуралдаан дээр “Сургуулийг хүүхэд болгонд ойртуулж чадахгүй. Би багадаа хацраа хөлдөөгөөд л сургуульдаа явдаг байсан” гэх зэргээр уурсав. Уг нь өмнөх жилүүдэд бага сургууль-цэцэрлэгийн 80 цогцолбор нийслэлд барихаар бодлого баталж, нэлээд олныг барьж ашиглалтад өгсөн. Үүнийг гүйцээж чадвал нийслэлийн багачууд гэрээсээ 500 метрийн радиуст сургуульдаа явах боломж бүрдэж, осол гэмтэлд өртөхгүй болох учиртай. Өмнөх Засаг даргын бодлогыг үргэлжлүүлнэ гэж ам өчиг өгсөн Хотын дарга хүүхдийн эрхийн мэдрэмж сул гэдгээ ийн илэрхийлж бас л хэл аманд өрөв.

6.    Нийслэлд цас орлоо. Цас мөсөө шуурхай арилгаагүйн улмаас нийслэлчүүд асар ихээр бухимдав. Гэтэл Хотын дарга Су.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар “Э.Бат-Үүлийн үед жилд 13 удаа цас орсон. Бидний үед хэдхэн хоногт энэ тооны цас орлоо” гэх утгатай, арьсаа хамгаалах тактиктай мэдэгдэл хийсэн нь даарин дээр давс асгахтай адил олон нийтийн бухимдлыг дэврээж орхисон. Ганц олон нийт ч биш Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 11 дүгээр сарын 24-нд Хотын дарга Су.Батболдыг өрөөндөө дуудаж цас мөсөө шуурхай арилгах талаар үүрэг өгч, хичээл заав. Ажлаа муу хийснээсээ болоод Ерөнхий сайдад дуудагдаж зэм хүртсэн Хотын анхны дарга нь Су.Батболд болсон доо. Дээд удирдлгаасаа зэм хүртсэн тохиолдол ганц энэ биш. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх хуралдаанд хоцорч ирсэн Су.Батболдод хандаж “Хотын дарга Та хоцорч ирлээ. Өглөө эрт босож бай” хэмээн эгдүүцлээ илэрхийлж байв

7.    Су.Батболд дарга 2017 оны төсвөө НИТХ-аар батлуулав. Бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулж батлуулсан төсөв нь өмнөх оныхоос 50 гаруй тэрбум төгрөгөөр давсан дүнтэй байлаа. 2017 оны төсвийн нийт зарлагын хэмжээ 601 тэрбум буюу өнгөрсөн жилийн төсвөөс даруй 50 тэрбум төгрөгөөр илүү. Энгийнээр хэлбэл өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлээс 50 тэрбумаар илүү төсвийг НИТХ баталж өгсөн. Харамсалтай нь 2017 он талдаа орж байхад нийслэлд өмнөх жилүүдийнх шиг бүтээн байгуулалт өрнөсөнгүй. Хэд гурван машины зогсоол ашиглалтад оруулсныг Хотын дарга Су.Батболд өөрийн биеэр нээж, тууз хайчилсан нь нийслэлчүүдийн хувьд чамлалттай санагдсан байх. Зогсоолын нээлтэд аль нэг орлогчоо явуулж болох л байсан.

8.    НИТХ-ын төлөөлөгчдийн энгэрийн тэмдгийг монетон болгож шинэчлэв. Сураг сонсоход Хотын дарга Су.Батболд НИТХ-ын төлөөлөгчдийг дуулгавартай байлгах гэж монетон энгэрийн тэмдгээр ая тал зассан юм билээ. Өөрийнхөө өрөөг тохижуулахаас ажлаа эхэлсэн эрхэм дарга ИТХ-ын төлөөлөгчдийн энгэрийн тэмдгийг ионетон болгох тансаглалаар ажлаа үргэлжлүүлсэн нь олон нийтэд ил болсон. Цагаан сараар шинэ тэмдгээ гардуулахад нь зарим нь инээд алдан авсан байхад зарим нь ичээд авалгүй зугтсан байдаг.

9.    Өнгөрсөн дөрвөн жилд НИТХ сард нэг удаа ххуралддаг байв. Гэтэл Су.Батболдын үед энэ шуурхай давтамж алдагдав. Засаг дарга асуудал өргөн барихгүй бол НИТХ хуралдах боломжгүй. НИТХ дахь цөөнхийн бүлгийн дүгнэлтээр Засаг дарга Су.Батболд өнгөрсөн жилийн хугацаанд НИТХ-аар хэлэлцүүлсэн асуудал өмнөх мээр Э.Бат-Үүлийн үеийнхээс хоёр дахин бага байжээ.

Энэ мэтээр жагсаавал Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын дуулиан шуугиан дундрахгүй. Сая гаруй хүнтэй хотыг удирдаж байгаагийн хувьд өдөр тутмын ажил их л байгаа байх. Гэхдээ яг Су.Батболдын нэр дээр тамгалагдах ямар ажил санаачлав, юу бүтээв гэхээр үнэндээ нэр цохох зйүл бараг олдохгүй байна. Өмнөх мээр Э.Бат-Үүл түгжрэлийг бууруулах чиглэлээр дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээгээр автобус зорчуулж, нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд төлбөрийн цахим хэрэглээг нэвтрүүлж, цахимаар 90 гаруй мянган хүнд газар өмчлүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 4000 гаруй өрхийг байртай болгосон гээд хэлэх үгтэй, хийсэн ажилтай. Гэтэл Су.Батболд дарга өмнөхөө муулж, үгүйсгэх ажлыг сайн хийх боловч хийж бүтээснийг нь үргэлжлүүлэх, гүйцээх, шинээр санаачлах тал дээр сэтгэл дутлаа. Ядаж л цахимаар нэг ч хүнд газар өмчилсөнгүй, хогоо цагтаа ачихаа больсноос ил задгай хог ихсэв.Дахин төлөвлөлтийг улстөржүүлж гацаасанд гэр хорооллынхон төдийгүй төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд тун бухимдалтай байна. Наад зах нь шилэн дансныхаа мэдээлийг, өөрийнхөө захирамж шийдвэрийг нээлттэй, бүрэн мэдээлэхээ больсон. Нийслэл нээллтэй байдлынхаа хувьд арагш ухарсан гэдгийг нийслэлийн захын иргэн хэлж байна. Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар МАН-ын нэр дэвшигч 9 дүүргээс 8-д нь ялагдал хүлээсэн нь Су.Батболд даргын нэг жилийн ажилд нийслэлчүүдийн тавьсан шударга, бодитой дүн юм даа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэс таван толгой ХХК мэдэгдэл гаргалаа

Эрдэнэс таван толгой ХХК-ийг биржээс гадуур уурхайн ам нөхцөлтэй...

Ардчилсан нам Зориг агсны хэргийн материалыг ил болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хурал зохион...

Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг...

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан нам болон Олон улсын ардчилсан холбоо  (IDU)-ны хамтарсан...