Ниргэсэн хойно хашгирсан нь буюу Зайсан толгой

0
116
-Туулын шугуй биш "баавгайтын шугуй болох нь-
Дархан цаазат Богд хан уулаа арлаж, өвөрлөн айлсаж нийлэн буусаар зайгүй болжээ. Ялангуяа Зайсан толгойн ойр орчимд байдал нэг иймэрхүү л дүр төрхтэй харагдана. Хэдхэн жилийн өмнө тухайн газарт цөөнхөн тооны хэдэн айл, хүүхдийн гэх тодотголтой хорих ангиас өөр юу ч байгаагүй. Тэгвэл өдгөө худалч хүнийхээр бол зүү орох ч завсар алга болжээ. Сүрлэг сайхан барилгууд сүндэрлэж, дэлгүүр, супермакет, уулынхаа хормой, усны хөвөөгөө дагасан амралтын газруудаар дүүрсэн. Сүүлийн хэдэн жилийн дотор байшин барилгын тоо нэмэгдэж, зайсанг зүглэх хүмүүсийн тоо ч эрс өссөн байна. Нийслэлийнхний амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх цөөхөн хэдэн газрын нэг болохоор тэр. Тэр дундаа амралтын өдрөөр зорих хүний тоо эрс өснө. Тодруулбал, ойролцоогоор 4000-5000 хүн Зайсан тийш зүглэнэ.
Ийм ачааллыг Зайсан орчимд байх зогсоол дийлэхгүй гэдэг нь гарцаагүй. Мөн нийтийн бие засах буюу нойлын асуудал ч үүн дээр нэмэгдэнэ. Хэрэгцээт зүйл хангалттай бусаас үүдэн Туул гол дагуух мод, бут нийтийн бие засах газрын үүргийг гүйцэтгэж, зогсоолын асуудлыг давхар хариуцсаар яваа. Хүнд, хөнгөн хамаагүй л авч байна. Бараг л Туул голын эрэг, сав газар гэж хэлэхэд ч хэцүүхэн болсон гэдгийг хүн бүр мэдэх биз. Нэр нь ч өөрчлөгдөх тийш хандаж байх шиг. Магадгүй автозогсоол, нийтээрээ бие засах газар ч гэж нэрлэгдэх дөхөх нь. За бүр “баавгайтын шугуй” гэж ч нэр өгсөн байх жишээтэй. Энэ мэт асуудлын шийдэл, гарц гаргалгааг хайсаар өнөөдөртэй золголоо. Цаашид ч ийм байдалтай байсаар л байх уу гэсэн асуулт хариугаа нэхэж байна.
Үүнээс гадна тус газрын ойр орчимд баригдсан барилгуудын нойлын асуудал ч үүнд хамаатай болох нь гарцаагүй. Өнөөдрийн байдлаар тус газарт автомашины зогсоол хэр хүрэлцээтэй, нойлынхоо шийдлийг гаргасан уу, цэвэр бохирын шугам, цэвэршүүлэх байгууламж бий юу. Магадгүй нийслэлийн газар доорх инженерийн байгууламжийнхан үүнд тодорхой хариулт өгч чадах биз. Мэдээж хэрэг дээр дурдагдсан асуудлуудыг шийдэх боломж тийм ч хангалттай биш. Зайсан орчим руу шугам татахад асар өндөр зардалтай. Тиймээс тухайн бүсэд байх хэдэн барилгын асуудлыг чадан ядан шийдэж байгаа. Гэтэл нэгэн том толгойтой байгууллага тухайн бүсэд чамгүй хэмжээний газар авч, барилга байгууламж барихаар маргалдаж эхэлжээ. Өнөөдөр тухайн газарт байх барилга байгууламжийн цэвэр, бохирыг арай гэж шийдэж байхад дарин дээр давс гэгчээр зүйл л болж байгаа юм.
Ер нь, дархан цаазат уулынхаа хормойд тийм ч таатай байдлаар хандахгүй явна. Зайсангийн ойр орчимд барилга барьчихвал үнэд хүргэж зарна гэсэн бодолд автан бусад зүйлийг гаргуунд хаях хүмүүс цөөн биш. Үүний нэг тод жишээ бол Монголын үндэсний гэх тодотголтой их сургуулийн нэр дээр шилжсэн газар. Тодруулбал, “Энигма” гэх нэртэй компани 2016 онд Зайсангийн орчимд байх чамгүй хэмжээний газрыг эзэмших эрхээ өмнөх засагт сайдаар ажиллаж асан Н.Батцэрэгээс гуйж, түйвэн дээрх сургуулийн нэр дээр шилжүүлсэн байгаа юм. Гэхдээ сургуулийн нэр дээр шилжүүлэх нь юунд ашигтай вэ гэсэн зүйл яригдах нь гарцаагүй. Яагаад гэвэл Газрын төлбөрийн тухай хуулийн 8.1.5-д “Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улсын бүртгэлтэй асрамжийн болон бүх шатны боловсролын байгууллагыг эзэмшиж, ашиглаж буй газрынх нь төлбөрөөс чөлөөлнө” гэж заасан учраас. Тиймээс шилжүүлсэн гэх нэрийн ард “Энигма” байгаа гэсэн үг. Тус компани татвараас зугатахын тулд сургуулийн нэрийг ашиглаж байгаа. Ийнхүү нэр шилжээгүй бол Богдхан уулын дархан цаазат газраас ашиглахын тулд нэг ам.метр тутамд 13.200.000 төгрөг төлөх юм. Ийм дүнгээр бодвол тухайн байршилд байх газрын хэмжээгээр жилд 500 гаруй сая төгрөг төлөх ёстой болж байгаа. Энэ татвараас зугатах арга нь шилжүүлэх л байсан нь тодорхой харагдах. Мөн өнөөдөр газрын төлөөх дайн үүсчихээд явж байна. Энэ дайндаа сургуулийн оюутнуудыг ч ашигласаар.
Ерөнхийдөө Зайсангийн орчимд гүйцэтгэх засаглалаас бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, дээр дурдагдсан нийтийн бие засах, автозогсоолын асуудлыг шийдэх, амралт чөлөөт цагийн бүс байгуулан тохижуулах шийдвэр гаргасан. Гэтэл дээрх “Энигма” гэх компани оюутнуудаа түрий барьж, газар чөлөөлөхгүй гэх асуудлыг үүсгэх болов. За үнэхээр нийгэмд хэрэгтэй зүйл барьж байгуулах гэж байгаа бол хамаа алга гэхсэн. Ашгийн төлөө байгууллага ард түмнийг бодох нь юу бол. Тиймээс ч арга мухардсан тэд оюутнуудыг газрын төлөөх дайндаа татан оролцуулах болжээ. Ер нь, элдэв төрлийнг аргаар жил бүр Зайсан орчмын газрыг хувь хувьсгалын нэрээр алдсаар байгаад өнөөдөр бодит дүр төр нь өтгөн, шингэнд хутгалдсан л газар болох нь. Ниргэсэн хойно нь хашгирна гэдэг шиг төр засаг тухайн газар, дархан цаазат уулын орчим утгаа алдсан гэдгийг сая нэг олж харжээ. Гэвч нэгэн компанид дээрэлхүүлэн сууна.
Төр төмөр нүүртэй гэдэг. Зайсангийн газрыг зарчихаагүй, түр эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Мөн татвараа ч аваагүй. Тиймээс эргүүлэн авах боломжтой мэт. Цаашид зайсан орчмыг цэгцлэх, зогсоол барих, аялал, жуулчлалын бүс болгон тохижуулах зайлшгүй болсон. Тэгэхгүй бол Туул голын орчим нь “Баавгайтын шугуй” болж хувирах цаг энүүхэнд мэт. Зайсангийн барилгажилтыг зогсоох цаг нь болсон биз ээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here